Pages

Sunday, May 1, 2011

Орон бүхний Пролетар нар нэгдэгтүн!

Монгол улс 1924онд үндсэн хуулиараа Бүгд найрамдах улс болон зарласнаар дэлхийд хоёрдугаарх коммунист улс болж байжээ. Коммунизмын тахал үүсэн халдварласан "ах" нарыг тооцохгүй бол бид дэлхийд анхдагч нь, гайхалтай юм шүү.

Харин эрх чөлөөний төлөөх тэмцлийг коммунизмын төлөөх тэмцэл болгон ойлгуулах гээд байдаг өнгөрсөн далан жилийг ойлгохгүй юм. Монгол Монголоороо үлдэх гэж л тусгаар тогтнолыг эрмэлзэж байснаас, хальс нь элэгдэж тасрах шахсан өнгөрөгч зууны кинон дээр гардаг шиг коммунизмыг эцсийн зорилгоо болгож байсан нь үгүй.

Жинхэнэ Монгол хүн хятадыг нэг нүдээр ч үздэггүй, мэдээж хахуульдагдсан улс төрчид, худалдагдсан янхануудыг энд тооцохгүй л дээ, тэд Монгол хүн биш. Энэ үзэн ядалт хаанаас эхлэв ээ? 20-р зууны эхээр хүрээнд орж ирсэн гамингуудаас уу, 17-р зуунд хүчирхэгжсэн Манжуудаас уу, Чингисийн үед байлдаж асан Сүн улсаас уу, хоёр мянган жилийн тэртээх Хүн гүрэнтэй дайтагч Хан гүрнээс үү? Коммунист түүхчид, суртал ухуулагчид нь Манж, Гамингаа ч бараг ялгалгүй хилээс урагш(хил хаагуур тогтоосон нь эргэлзээтэй юм шүү, хойноо ч урдаа ч) нутагтан л биднийг насаар минь дарлаж байсан юм шиг л, орос хүн бол хүн чанар мөстэй тэднээс салгаж өгсөн мэтээр мунхруулдаг.

Түмэн газрын цагаан хэрмээс урагш суугч иргэдийг суурин иргэд гэнэ, тариачин түмэн ч гэнэ. Түүнээс хойгуур нутаглагч малч түмнийг нүүдэлчин гэнэ. Тэдний энэхүү амьдралын хэв маяг нь тодорхой болж бие биесээс ялгарах болсноос эхлэн нэг тэргэнд хөллүүлээд явж болохгүйгээ мэдэрч харилцан  үзэн ядаж эхэлсэн, яг л адуучин хоньчны бэлчээр таардаггүйтэй адил. Монголчуудыг Манж Чин улс дарлаж дарамтлаад сүйд болоод байсан юм бараг л байхгүй. Энэ нь Монголын тал нутагт хятад цустан аж төрдөггүй байснаар, хоорондоо хөл жийлцсэн монгол ноёд нь нэгнийгээ Манжийн тусламжаар дарж авах гэж оролдож байснаар илэрнэ. Манж нар хэдий Монгол цустан, Алтан ургийнхан биш боловч нүүдэлчид байснаас л Монгол ноёд ч элэгтэй хандан тэднээс тусламж гуйж байсан, тэд ч Монголчуудад хатуурхаад сүйд болоогүй. Тэр үеийн өр шир, эрүү шүүлт яагаав гэж үү, тэр чинь Монгол ноёдынх нь л хийсэн ажил, аль ч феодалын нийгэмд байх л зүйл, эзэн боолын харьцаа.

Тэгэхээр 20-р зуунаас өмнөх Монголыг гадны хэн ч дарамтлаад байгаагүй байх нь. 1911 онд Манж гүрэн дотроосоо ялзарч ганхаад ирэхийн цагт нэгэнт хань болохгүй нь мэдэгдсэн тэднээс татгалзаж улсаа тусгаарлан зарлав. Засгийн газар, Газар нутаг, Хүн ам гээд бүгд л байлаа, харин гадны улсууд хүлээн зөвшөөрдөггүй. Ядаж л хөршүүдээрээ тусгаар улс гээд хүлээн зөвшөөрүүлэх гээд ядаж байтал тэд нь ар нуруунд хутга шаачих нь тэр. Яг л тэр түүхийн эгзэгт агшинд Орост гинжтэй тариачид эзэн хаанаа түлхээд хаячихсан нь магадгүй мөхөөд устчих байсан, их сайндаа Өвөр Монгол шиг болоод хятаджичих байсан нүүдэлчдийн аз гийсэн явдал болоотохов. Ингээд шинэ Орос, Хятад хоорондын зөрчил дээрээс Монгол улс тэсч үлдсэн болохоос хэн нэгэн цагаан морьт жанжны 400 цэрэг Хиагт дах туйлдатлаа ядарсан нэг түмэн дээрэмчин цэргийг байлдсан ялалт, эсвэл тэрнийх нь олж ирсэн гэх улаан оросын тусламж  гэгчийнх нь ач гавьяа нэмэр тун бага.

Ингээд хоёр хөрш маань дундаа жийрэг бүстэй болсноор ламын боловсрол, хуучин Монгол бичгээр толгой холбохоос илүүтэй сэхээтэнгүй байсан Монголд Орос сургагч багш нар бөөнөөрөө орж ирээд хуулийг нь хүртэл өөрсдийнхийгөө хуулаад, орчуулаад өгөх нь тэр. Монгол нэгэнт өвчний халдвар авчээ, голомт нь л устдаггүй юм бол ямар ч эм тан ерөндөг тус болдоггүй тийм халдварт өвчин, "Орон бүхний пролетаруудыг нэгтгэдэг" өвчин.

No comments:

Post a Comment