Pages

Sunday, May 8, 2011

Монгол Улсын төлөө зүтгэе!


Маргааш дэлхий 2 туйл болон хядалцаад, хамгийн олон хүн үрэгдсэн дайны сүүлийн өдрийн ой. Монгол улсад бараг хамаагүй ч "дээд нийслэлийн" заавраар 40 гаран жил тэмдэглэн даган баясч, хамгаас хайрт Намзасаг-таа талархан жагсаж, сүүлийн хориод жил сайн дураар архидан цэнгэж байна. За тэгээд ярьдаг зүйл нь дэлхийг нөмрөөд авах гэж байсан фашизм, империализмын аюулаас аврагдсан юм байх. Хэдий 5 сарын 9 Японтой хийсэн гэх "Дайн"-тай холбоогүй боловч хийрхээд, бичээд орхиё яадгийм, Ням гариг юм хойно.
Нэгэн болсон явдлаас өгүүлэхүй. Саяхан юм гэнэ лээ, 40 нас дөнгөж шүргэж яваа нэгэн эр Японд галт тэргэнд сууж байна. Япончууд өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг болсон, Монголд л лав байхгүй унаандаа цагийг хэсэг зуур дугхийж, гар утсаараа мэйл шалгах, бусдад саад болохгүйн тулд буланд шигдэх зэргээр өнгөрөөх нь мань монгол эрд эгдүүтэй санагдсан биз "Энэ Японууд ёстой нэг доожоо муутай улс юмаа, бээвийсэн унхиагүй гэдэг нь. Гэхдээ л эдний чинь дотор 39, 45 оны Самурайнууд байж л байгаа даа" гэж санаа алдаж сууна гэнэ. Энэ цөс ихт монгол эр маань мэдээж тэр үеийн байлдаанд оролцож байгаагүй. Тэр байтугай амьдралынхаа тэн хагасыг ардчилсан нийгэмд өнгөрөөсөн залуу хүн, яахав 20 хүртлээ пионер мионер,бэлэн зэлэн гээд гүйж л явсан юм байгаа биз.

1930, 40'өөд оны Монгол улсад Японы империалст улсын аюул нүүрлээд байлаа. Мэдээж Хорлоо авгайн бутач хүү, Маршал Дугар(Сахилын нэр нь Чойбалсан)-ын шааж байснаар бол тэр шүү дээ. Халдвар авсан төрийн эрхэнд удаан тогтох арга нь хэн нэгэн дайсныг үүсгэн, түүндээ байнга харшуулан Айдас үүсгэн засаглан дарангуйлах арга гэдгийг мань эцэггүй танхай толгой заалгаж авч л дээ, сахалт багшаараа. Тэгээд л империализмаас хамгаалж байна гээд, үнэндээ өөрийн эрх мэдлийг хамгаалж, их хядлагаа эхлэх нь тэр. 30-аад мянган алтан амь тэр "Том Ах"-ын засаглалын золиос болох нь тэр.

Халх голд Монгол улс өөрийн төлөө дайтсан гэдгээсээ илүүтэйгээр Орос улсын бэлтгэлийн талбай болж, Орос Японы хооронд хэд хэд гарч байсан хилийн багахан зөрчлийн гэрч л болсон. Монголд л Халх голын Дайн, Ялалтын 65 жилийн ой гээд хуцаад байгаа болохоос Япон хүн үүх түүх судалсан нэг нь Номонханы маргаан гэж мэднэ, бусад нь мэддэг ч үгүй юм. Ер нь ч тэр үед бүхэлдээ Европын колони болоод байсан азид тийм хүчирхэг хаант улс гэнэт гараад ирсэн нь түүхийн үсрэлт гэлтэй, тиймдээ ч Орос, Америк, Англи нийлж байж хэдэн талаас нь хавчиж дайрч дарж авсан түүхтэй.

Арав орчим жил алж, цөлж, хорьж байснаас үүдсэн Айдас XXI зуунд ч бас арилаагүй, япон хүнийг самурай хэмээн жигших дээрх эрийн жишээгээр илэрч байна. Гитлер бүх европыг эзлээд, хамаг еврэйчүүдийг хядаа л биз, Кантоогийн арми нь зүүн өмнөд азийг эзлээ л биз, Монголд ямар хамаатай юм. Аа бас тэгэж болохгүй юмаа, Монгол хэдий Азийн орон, хүний хугас, шар сармагчнууд ч гэлээ "тахал"-ын халдвар авсан болохоор бидэнд хамаатай байж таарах нь. Ах болсон Орос орон минь тэнд зовж байхад дээлээ тайлаад фронт руу илгээ, Монгол улсынхаа төлөө зүтгэ.

No comments:

Post a Comment