Pages

Wednesday, June 1, 2011

Жожо

    Саравчны ханан завсраар сийгэх салхины ёрын чимээнд би цочин сэрлээ. Дахиад л харанхуй болчихож. Тэгэхээр орой болж байгаа байх нь. Саравчинд нуугдахаар орж ирээд хэд хоносноо ч мартаж. Энэ чинь гурав дах шөнө, үгүй ээ би андуурч байна, дөрөв дэх нь.

    Өнөөдөр Мягмар... Лхагва... Пүрэв, тийм ээ, Пүрэв. Би яагаад өдөр тоолоод байна аа? Яагаад Пүрэв байдаг билээ? Үүнээс хойш өдөр хоног хамаагүй, зөвхөн цаг хугацаа. Харанхуй цаг үе, Гэрэлт цаг үе, тэгээд л гүйцээ.
    Бүгд үхсэн. Тэгэхээр өдөр хоногууд бас яагаад үхэж болохгүй гэж? Пүрэв гэж байхгүй болсон, зөвхөн Одоо. Бас зөвхөн би л үлдсэн. Яагаад, яагаад би ч бас үхсэнгүй вэ?
    "Тэнэг асуултаа зогсоо, Жожо" гэж би өөртөө тушаалаа. Чи яагаад үхээгүйгээ мэдэж байгаа, учир нь чи байшин дотор байгаагүй.  Гэхдээ миний асуух гээд байгаа нь яагаад би байшиндаа биш зам дээр байсан юм тэгвэл!
    "Ийм асуултанд хариулт олддоггүй юм Жожо." гэж өөртөө хэллээ. Би өөртэйгээ л ярихаас өөр аргагүй байлаа, учир нь хэн ч амьд үлдээгүй. Энд хулгана байх шиг байна, шөнө би тэднийг сонсдог. Гэхдээ нэг ч хүн үлдээгүй, зөвхөн би, Жожо. Би ганцаараа үлдсэнээ мэдэж байна. Учир нь би өдөржин шөнөжин адууныхаа жүчээнд нуугдан чих тавиад ямар ч чимээ алга. Хулганаас өөр. Утаа хөшиглөн байв ч, утаанд чимээ гэж үгүй. Гал дүрэлзэхдээ чимээтэй байсан, гэхдээ өчигдөр орсон бороонд унтраад хулгайч мэт гэтэх утаа нь л үлдсэн.
    Мэдээж би энд цор ганц амьд амьтан нь биш, хулганууд шигээр нохой ч бас амьд үлдээд тосгоны хаа нэгтээ тэнэж яваа нь сонсогдсон. Мөн хархнууд, ялаанууд бас дүнгэнэлдсэн. Гэхдээ би үлдсэн цор ганц хүн нь шиг байна. Тосгоныхон бусад нь бүгд үхсэн. Би одоо орь ганцаар үлдээд хэрхэхээ мэдэхгүй сууна.
    Би тэднийг явсны дараа өөрийн гэртээ орж үзсэн. Би өөрийн гэрийнхнээ шалан дээр хэвтээг харсан. Шалаар нэг цусанд хутгалдсан байсан. Тэд бүгд үхсэн, миний аав, ээж, эгч, ах, миний гэр бүлийнхэн бүгд үрэгдсэн. Би ээжийгээ хувцасгүй харж байгаагүй юм байна. Магадгүй би очиж түүнийг хучихгүй бол даарч байгаа байх. Гэхдээ би тэднийг эргэж ирэх вий гэж айгаад байна. Магад тэд намайг хайж байж мэднэ. Магад тэд намайг алахаар хүрээд ирж мэднэ. Тэд намайг олоход нь би баярлаж ч мэдэх юм, тэгвэл би бас алуулна, учир нь цор ганцаар амьд үлдмээргүй байна.
    Алив Жожо. Чи гэр бүлээсээ үлдсэн ганц эр хүн, том эр шиг бай, зоригтой бай. Гэхдээ 10 настай хүүхдэд зоригтой байна гэдэг хэцүү. Би саяхан 10 нас хүрэхдээ дугуй бэлгэнд авсан. Дугуйгаараа би сургуульдаа явдаг байлаа. Гэхдээ одоо сургууль гэж үгүй болсон. Сургууль шатаад одоо утаа нь л үлдсэн юм чинь.
    Би яагаад тэднийг манай тосгонд ирснийг мэдэхгүй юм. Бид баян биш, бид том хотод суугчидтай адил биш. Миний ах том хотод сурдаг байсан, тэр надад машин, дэлгүүрүүд, хотын сайхан зүйлсийн тухай ярьдаг байсан. Тэр яагаад тэндээ үлдэлгүй эргээд ирсэн юм болоо? Тэр яагаад үхэх ёстой байв аа? Тэр үргэлж инээдэг байсан, бусадтай эелдэг харьцдаг байсан. Тэр багш болохоор сурч байсан. Аав өөр шиг нь ядуу тариачин болохгүй гээд түүнд хайртай байсан. Намайг бас багш болно гэхэд миний аав инээдэгсэн. Түүнийг инээхэд жүжээ* нь инээдтэй хөдөлдөгсөн. Тэгээд тэр "Хөгшрөхөд минь ачлах хоёр хүүтэй болох нь" гээд л бусдад сайрхдагсан.
    "Би бас сурмаар байна" гэж эгчийг минь хэлэхэд
    "Зүгээр л баян нөхөр олвол барав" гэж уурлана.
    "Би баян нөхрийн боол болмооргүй байна, Жожо. Хотод олон эмэгтэй сурагч байдаг гэж ах хэлсэн"
    Гэвч миний эгч одоо хэзээ ч сурч чадахааргүй болсон. Тэр шалан дээр үхсэн хэвтээ. Түүний хөл цус болсон байсан, би хормойг нь буулгасан. Миний эгч үргэлж сайн эгч байсан, яагаад тэд эгчийг минь өвтгөв өө, тэр хэнийг ч гомдоодоггүй байсан.
    Би хоосон жүчээндээ суусаар л байна, тэд манай бүх морийг туугаад явсан. Би өлсөж байна, гэхдээ би хоол хайхаас айж байна. Тэдний нэг нь ч гэсэн эргэж ирээд намайг харчихаас айж байна. Тиймээс би эндээ чимээгүй л сууж байя, хэн ч намайг олохгүй.
    Одоо бүр шөнө болчихлоо, би хулгануудыг сонсож байна. Тэд өлссөн байх, би ч бас өлссөндөө унтаж чадахгүй нь.
    Хоолны тухай бүү бод. Өөр ямар нэгэн зүйлийн тухай бодвол өлссөнөө мартаж магад. Би ээжтэйгээ ярилцаж болох юм, эсвэл ахтайгаа, эсвэл эгчтэйгээ. Би тэдний тухай бодох дуртай, тиймдээ ч амьд үлдсэн байх. Хэзээ нэг өдөр би гэрийнхнийхээ тухай бусдад хэлэх болно. "Намайг Жожо гэдэг, би одоо өнчин ч надад хамгаас сайхан гэр бүл байсан..."
    Миний эмээ хэлэхдээ хүн үхэхээрээ тэдний сүнс нь маш удаанаар холддог гэсэн. Тэд биеэсээ тасармагц агаарт маш удаан эргэлдэж, бидэнтэй салах ёс хийдэг. Сүнснээс айх зүйл огт байхгүй. Тэдэнтэй ярилцаж болно, тэд чамд хэрэгтэй үед чинь туслах болно гэсэн. Одоо миний эргэн тойрон маш олон сүнс байгааг мэдэрч байна. Миний эмээгийн зөв байжээ.
    Би тэдэнд өөрийгөө энд байгааг хэлнэ, "Жожо нь энд байна. Би амьд мэнд, Тэдэнд баригдахгүй нуугдах болно. Би энд үлдэж та нартайгаа ярилцаж хэзээ ч ганцаардуулахгүй."
    Гадаа гэнэт чимээ гарлаа. Жүчээний гадна хэн нэгэн байх шиг. Хулганаас арай том, өөр нэгэн чимээ дуулдаж байна. Том ачааны тэрэгний чимээ, магадгүй Тэд буцаад ирж байх шиг байна. Тэдэнд л баригдахгүй юмсан, эндээ чимээгүй нуугдах минь. Жүчээний хаалга онгойн Сааралхан ороод ирлээ. Сааралхан гэж манай тахианы нэр. Тэрнийг өндөглөх бүрт нь би баясан гүйдэгсэн. Учир нь ээж надад өндөгтэй бин хайрч өндөг байлаа. Ядуу бидний хоолонд амт нэмэх ээжийн өндөгтэй бин, би ахиж амтыг нь мэдрэхгүй.
    Би бодлоо үргэлжлүүллээ. Тэр өдөр жирийн л өдөр байсан. Бүх юм гол өөд усанд явсан хөвгүүдийн хашгирах чимээнээр эхэлсэн. Тэдний хашгираантай цуг буун дуу тасхийж, бургасан дундаас 'Тэд' гараад ирсэн. Бор хувцастнууд. Амар жимэр байсан суурин айдсын сүүдэрт автаж, зам дээр тоглон суугаа нялхсыг бууныхаа бөгсөөр цохилон унагаасанд нь би бас таарч, ухаан балартан унасан. Тэд намайг үхсэн гэж бодсон байх. Гэвч би амьд, миний сүнс биедээ хэвээрээ.
    Нэг сэрэхэд манай тосгоны энд тэндээс гал дүрэлзэх чимээ гарч, хар утаа олгойдож байсан. Би гэртээ ормогц аймшигт зүйлийг харсан, хөршийн байшин руу зүглээ ч үгүй. Гэнэт Сааралхан донгодож бодлыг минь таслав. Хоол нэхэж байгаа байх нь. Яажшуухан ч амьд гарсан юм чааваас.
    Алсад хүнгэнэсэн бүдэг дуу гарав. Тэд эргээд ирж яваа бололтой. Хүнгэнэх дуу тодрон тодорсоор жүчээнээс нэг их холгүй зогсов.
    "Түрүүч ээ энд хэн ч үлдээгүй бололтой, пүү энэ үнэрийг ээ" гэх яг тэр мөчид хяссан юм шиг Сааралхан дахин донгодон, гуугачиж эхлэв. Бидний суугаа саравч руу хөлийн чимээ ойртсоор нэг өндөр эр орж ирэв. Цэнхэр өнгийн малгай, саарал ногоон дүрэмт хувцастай тэр цэргийн өмссөн зүүсэн, барьсан зэвсэг нь Бор хувцаснуудаас тэс өмнөө ажээ. Тэр харанхуй буланд шигдэх хар бор намайг анхандаа харсангүй. Тахианы надтай ноцолдох чимээ дүрлийтэл ширтэх айдас хургасан хоёр цагаан нүдийг минь барьж өгөв.
    Цэрэг миний ойлгохгүй ямар нэгэн юм хэлэв. Тэр буцаж эргээд нүдний шилтэй туранхай эрийг дагуулан орж ирэв. Тэр эрийн хэлэх нь ойлгогдох боловч зарим үгийг нь би сонсч чадсангүй.
    "Хүү ши энд ганцаараа үлдсэн уу, шамаас өөр хүүхэд энд бий юу" гэж асуух зуураа хүзүүнээс зүүлттэй дугуй хар юмаа нүүрэндээ ойртуулан шак шук, шак шук.
    Тэр намайг яах ч үгүй, гомдоохгүй гэж тохиролцсоны үндсэн дээр бид саравчнаас гарлаа. Надад хоол унд өгөх зуур хашаа хороогоор хэвтээ, гэрт байгаа биесүүдийг цэргүүд зөөж оршуулж эхлэв. Нүдний шилт надад хандан
    "Шамайг хэн гидэг вэ?"
    "Жожо, чамайг?"
    "Том, аан гээщ Жожо, бид шамайг гомдоохгүй, муу юм хийхгуй. Ши биднийг дагаад явна тийм үү?"
    "Би тахиагаа аваад явж болох уу"
    "Бололгуй яахав"
    Сааралхан бид хоёр тэдэнтэй цуг уруудан хөдлөв. Замд бас нэгэн тосгон таарсан нь бас эвгүй үнэр, ялаа батгана шавсан газар байлаа. Зам зуур би ам хуурай явсангүй.
    "Чи яагаад энд байгаа вэ, Том?"
    "Би шам шиг хүүхдүүдийг аврах гэж ирсэн. Би зураг авш сонинд хэвлэдэг"
    "Чи хүүхэдтэй юу?"
    "Байгаа, хоюр."
    "Тэднийг бас өөр хүн аварч байгаа юу?"
    "..."
    Энэ мэт гангар гунгар хийсээр яваад харанхуй болсон хойно хашаа хороон хамгаалалт, үүдэн дээрээ улаан хэрээс тэмдэгтэй газар ирэв. Биднийг Том шиг цайвар цагаан царайтай эмэгтэй угтан авч намайг том өрөөнд оруулан оронд хэвтүүллээ.
    Өглөө нь би харин тэс өмнөө ертөнцөд сэрэв. Яг л над шиг хар бор олон жаалуудын дунд би сургууль дээрээ очсон мэт санагдсан ч эсвэл хөл, эсвэл гараа цагаанаар боолгосон тэр хүүхдүүдийн ялгаатай нь огт инээж хөгжилдөхгүй байлаа. Өчигдрийн эмэгтэй над дээр ирж "Энд айхгүй байж болно шүү, Жожо" гэж толгойг минь илээд хөтөлж гаран орчныг танилцууллаа. Том аль хэдийн явсан байв.
    Хэд хоногийн дараа Том эргэн ирэв. "Жожо миний эзгүйд томоотой байсан уу?"
    "Томоотой байсан, чи дахиж явахгүй, тийм биз дээ?"
    "Энэ удаа би бүр хол явна. Авсан зургуудаа сонинд хэвлэнэ."
    "Тэгвэл намайг аваад яваач, би чиний хүүхэд болъё."
    "Жожо тэгэж болохгүй, ши энд төрсөн, шиний гэр энд байгаа."
    "Миний гэр байхгүй болсон,... бор хувцастнуудаас болж", "Том чи яагаад тэдэнтэй байлддаггүй юм бэ?"
    "Би энд байлдах гэж биш, дайныг зогсоох гэж ирсэн."
    "Гэхдээ голын цаадах хүмүүс бүгд муу, тэднийг бүгдийг нь алвал таар.."
    "Жожо! Тэгэж болохгүй. Голын цаана чам шиг хүүхдүүд бас байгаа. Гэргүй болсон, өлсөж даарсан хүүхдүүд байгаа." Том дуулгаа аваад "Энийг харж байна уу, ийм хувцастай цэргүүд байлддаггуй. Тэд сайн цэрэг." Түүний цэнхэр малгайн дээр цагаанаар 'UN' гэж бичсэн байв. Харин би босоод гүйчихлээ.   
    Хамгаалалтын сууриндах цэргүүд гутал хувцас, зэвсгээ тавиад бидэнтэй нийлэн бөмбөг өшиглөн тоглож байлаа. Гэтэл гутал хувцас нь цоорч элэгдсэн, үс сахал нь өрвийсөн хар арьст цэргүүд хүрч ирэв. Тэдний яриагаар бол эх оронд минь голын цаадах босогчдын аюул нүүрлээд буй ажээ. Тэдний дотор ахын найз, зэргэлдээх тосгоны Куку байхыг би танив. Куку ч намайг таньж би өөрийн тосгоны тухай, тэдний тосгоноор дайрч өнгөрсөн тухайгаа түүнд ярилаа. Куку гунигт автан сууна. Түүний гутал бүүр мууджээ. Гэнэт надад санаа төрлөө. Огт байлддаггүй хэрнээ гоё ганган хувцастай байдаг цэргүүдийн тайлж тавьсан гутал санаанд оров. Байшин түшүүлэн тавьсан буу, гутал хоёрыг шүүрч ахын оронд ах болсон Куку руу гүйлээ. Намайг очиход шинэ гутал зэвсэгтэй болсондоо баярласан тэр, "Чамайг хүн хараагүй биз? Жожо чи энд үлдээд хэрэггүй, намайг дага." гээд хөтлөн гүйлээ. Тиймээ одоо би эх орныхоо төлөө дайтах том эр болжээ.

 * гүзээ гэдсийг нэрлэх хүүхдийн хэллэг, дүүгээсээ санаа авав.

2011.06.01 
Олон улсын хүүхдийн 
эрхийг хамгаалах өдөрт зориулав.

No comments:

Post a Comment