Pages

Sunday, June 5, 2011

Хөшөө тийш зурайх Аратын зам балрахгүй

Одоогоос нэг жил орчмын өмнө юм даа, зурагтаар нэг эрхэм ярьж байна. "Энэ Суваргын шав тавьж таван зуун тонн буудай хэрэглэсэн" гэж. Таван зуу гэдэг дээрээ өргөлт аваад их л сүртэй хэлж байгаам, тэр их буудайг булшилчихаад шүү. Гэтэл тэр үед нь ургац алдсан Орос улс юун гадагш нь экспортлох өөрснөө өлсгөлөнд орчих гээд хилээ хааж байсан юмдаг.
Харин тэрнээс нь 2 жилийн өмнө өрсөлдөгч намынх нь нөхөр тэнд нь бас л суварга босгуулж сүсэгтэн олон гэж хуцаад, нутаг ус ээж аавын дуу уянгалуулж сонгуульд ялж байсан газар. Энэ хоёр суварга одоо Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сумын Амарбаясгалант хийдэд бий. Угшилаа бодвол Өндөр Гэгээн Занабазар халхын сүсэгтэн олонд зориулан байгуулсан гурван хийдийн нэг, Монголд анхлан тоологдох шашны төв газар. Харин одоо хулгайлж олсон мөнгөөрөө элс шавар зуурч барьсан суварга гээчийнхээ орой дээрээ МАН, АНамынхан улаан, хөх дарцаг, далбаагаа хатгах нь холгүй хоорондоо хатгалдаж суугаа. Буян гээд байх юм огт хуралдаагүй, хуралдахгүй л дээ тэрэнд нь, буруу замаар боссон тоосгон хана л шүү дээ.

Ингээд бодоод байхнээ Монголоор л нэг Суварга, Хотоор нэг Хөшөө дурсгал болжээ. Хөдөө ойрхон гарахад л дов болгоны орой дээр Суварга,  энэ нь тийм ч тахилтай, тэр нь тийм ч сахиустай., еэ тэр нь хайрхан нь өршөөж хайрла, хэрэв байдаг л юм бол. Монгол хүн эртнээс байгалдаа шүтэж үү, сүрдэж үү дээдэлж ирэхдээ алив буртаг хирээр бохирдуулахаас цээрлэдэг байж л дээ. Хол аянд яваа хүн овоон дээр нь үдэлж мордохдоо бэл дэх чулуунаас нь дээш өргөж уулсаа өндөрлөдөг байсан. Харин энэ замбараагаа алдсан Суварга тахилууд гэж юу юм. Хэн нэг төсвийн хөрөнгө, хахуулийн мөнгө шаасан хулгайч нь гэмээ цайруулж нүгэлээ нимгэлж байна гэж боддог юм уу, олсон мөнгөнөөсөө цөөхөн хэдэн цаас хаяж нутгийн олондоо гэж хуцна. Тэр бариад байгаа Суварга нь ч гэж тоосго өрж шавардаад, гаднаас нь цагаанаар шохойдож, улаан мөнгөний дон туссан ламанцар аваачиж архидуулаад л болоо. Нүгэлгүй цэвэрхэн амьтан болсны дээр, сонгуулийн өмнөхөн цагийг нь тааруулаадахвал хөөрхөн ПиАр хийчихнэ.

Харин хотод хөшөө барьдаг моод бүр 1946 оноос эхлэлтэй. Хотын төв дэх Сүх жанжин, МУИС-ын урд байх Чойбалсангийн хөшөөг хараарай л даа. Коммунистууд энэ бүх тахин шүтэх, мөнхрүүлэх үзлийг эхлүүлсэн, одоо ч тэд үргэлжлүүлсээр. Хэсэг жишээ дурдая л даа. Нэг эрх хүү аавынхаа нэрийг барьж улс төр хийгээд л, Нэг авгай нөхрийнхөө нэрийг зарж идээд, дүү нь ахынхаа алдарыг худалдаж суугаа. Алуулаа л биз, алт шиг хүн байсан юм шиг одоо ярих нь утгагүй л дээ. Заа тэгээд Самбуу, Батмөнх, Цэдэнбал, ... тоочиж тоолж барамгүй Хүний хөшөө байгаа. Үр хойч дүү нар нь хөшөөг нь л бариад хотод сүндэрлүүлчихвэл ачийг нь хариулсан чинээ л боддог шиг байгаа юм зайлуул. Нэрийг нь хугалахгүй, ядаж нэрийг нь худалдаж ясыг нь хавталзуулахгүй хүн шиг хүн байвал, утаа униар, авто замын ачаалалдаа дарагдсан Улаанбаатарт минь нэг ч гэсэн мод суулгаад ургуулчихвал (уулнаас ухаж ирсэн модоо цагаан бээлий өмсөж зурагтын дурангийн урд булшлаад, арчилгаагүй хатааж алах ч бас нүгэл) олон түмэн сайнаар л ярих байх даа, тэнэг ч гэсэн тэдний талаар.

Хөшөө барьж хүн мөнхлөдөг арга эртэд Бурханы, Христын  лам нар, эдүгээд коммунистууд л байх шиг байна даа. Монгол хэзээ орос цамцаа тайлж тэрлэгээ хөдрөх бол!

No comments:

Post a Comment