Pages

Sunday, June 26, 2011

Эх Монгол, Их орон

Саяхан хаанаас ч билээ "их орондоо хариад ... " гэж уншлаа, Монгол хүн л бичсэн байлтай 'их эцэг' нь юугаа зааж байсан юм бол энүүнд. Их Монгол гэж улс байжээ тэртээд, их орон улс ч байж, өнөөгийнхтэй харьцуулшгүй. Эх орон гэж бас ойлголт бий. Миний хувьд төрж өссөн Эх Монголыг минь хэлнэ. Монгол харин Их орон бол биш юм, сүүл мушгиж л яваа шүү дээ ямар ч салбарт.

Монголд юу нь ч хамгийн адгийн муу байдаг шигээ Монгол хэл нь ч бас хамгийн доод түвшиндээ хүрч. Хэд хэдэн жишээ хэлж болох л. Хараал зүхлээр дүүрсэн хар яриа, зөв бичих дүрэм гэж үгүй хүн бүр өөрийнхөөрөө бичиж байгаа энэ гунигт байдал хаанаас эхлэв ээ.

Гар утас, компьютер технологи хөгжин монголд орж ирснээр нэгэн шинэ давалгааг эхлүүлсэн нь Латин үсгийн мэссэж чатлалт. Үүнд зориулан гаргасан стандарт бий гэх боловч хэн ч үл тоож харах агаад, өөрийн хүссэнээр бичсээр 10 гаруй жилийг өнгөрөөж. Хамгийн өргөн хэрэглэгчид нь хүүхэд залуус ба энэ хэвээр цааш үргэлжилбэл босоо монгол бичиг байтугай кирилл үсгээр алдаагүй зөв бичиж ҮЛ чадах бүтэн үе гарч ирэх бөгөөд, тэд эцэг эх болохын цагт монгол хэлний оршихуйн талаар ярихад нэгэнт оройтсон байх мэт.

Алдахад хажуугаас засч зааж өгөх ахмад үед үүний хариуцлагыг бүрэн тохож тэднээс шаардах хэрэгтэй. Худал үнэн зохиолч, найрагч сэтэртэн савхин дээлтнүүд, урт үстнүүд, түүхий махан орчуулгаараа булах шахам байнга гарах солонгос олон ангит кино, гадаад мэдээг үг бүрчлэн махчлах шулганах авгай нар, хэл шинжлэлийн доктор нэртэй хэдэн биеэ тоосон ихэс. Эд бүгд буруутай, өнөөгийн монгол хэлний доройтолд.

Зохиолчид гэхэд аль нэгэн цомын төлөө хоорондоо хэмлэлдэхээс биш залуус бидэнд, монгол хэлэнд зориулж хүчээ өргөх нь нэн цөөн. Тус бүр хувьдаа шар мэдээний сонинтой байх агаад мэдээлэл гэхээсээ хэн нэгний захиалгаар доромж гүтгэлэг бичиж л цаасаа борлуулна.

Хэлний мэргэжлийн хэн ч тэр өөрийгөө аугаа ном ч билгүүн хүмүүн гэж санадаг байх, бусдаас ялгарахын тулд хуучин монголоор галиглан бичнэ, "Ирэгэдүй" гэх мэт. Эсвэл зөвхөн өөрөө хэрэглэх үгсийн сангаа бүрдүүлнэ, "Үгүүлэл" гэх мэт. Бага ангидаа багшдаа гарын алгаа хорстол шугамдуулан байж бичиж сурсан хүүхэд эдний энэ маяглалыг хэрхэн хүлээн авах бол.

Монгол хэлний ирээдүйн талаар хүн бүр санаа зовоосой билээ.

No comments:

Post a Comment