Pages

Sunday, July 17, 2011

Хороо хэсч шороо идсэн, би, Хотын хогийн хомбоо

Оюутан болж МУИСургуульд богинохон боловч сурах хувь заяа надад тохиож билээ. Сургуулийн шинэ жил гэж нэг том архидалт, зодооны хажуугаар "... аймгийн оюутны шинэ жил" гэсэн том том бичигтэй зарууд сургуулийн ханаар дүүрэн, зохион байгуулагч нь мэдээж ... аймгийн оюутны холбоо. Нутаг усаа санагалзсан залуус хамт цуглан нэг үдшийг хамт өнгөрүүлэхэд нь буруу юм юу байх аж. Гэхдээ...

Бас нэгэн орон нутгийн нэр устай байгууллага байх нь "... аймгийн нутггийн зөвлөл". Аль нэгэн адтайхан улс төрч нь өмчилчихсөн газар. Тэнд төрөх нь төржээ, өссөн ч байж магад, гэвч амьдралынхаа ихэнхийг нутгаасаа зугтах мэт хотод шигдэн өнгөрүүлж буй тэр муу даргад нутгийн зөвлөл гээчийг өмчлөх эрх байна уу? Ч гэдэг юмуу ер нь нутгийн зөвлөл гээч хэдэн нөхөр хотод тэгэж салбаганах хэрэг байна уу, тэгэж л их гэрээ санаад байгаа бол буц л даа бууцандаа оч, хэн хорьсон юм.

Дээрх хоёр байгууллага салшгүй ах дүүсийн мэт холбоотой. Хүн амд овоо хувийг эзлэх оюутнуудын саналыг авах гэж Ах нь улайран зүтгэж, хормой хотоор нь гүйж байж яс олоод мэрчих санаатай гөлөг мэт Дүү нь ахын ор залгаад аль нэг албан тушаал дээр буучих санаатай, залуу хүн ийм байдаггүй л байхгүй юу.

Хөгшчүүл, буурлууд нутагтаа очиж амарна, буурин дээрээ очиж хөрвөөнө гэхэд нь би дотроо атаархдаг байлаа, хүүхэд байхдаа. Эдний насыг зооглохоороо би 1-р төрөх газрынхаа хашаанд л очдог байхдаа гэж гэнэн бодол ч хөрвүүлнэ. Харин одоо хотод төрсөндөө, тоопий түрж элс идэж өссөндөө баярлаж байна. Нутаг ус гэж байсан бол бас л ингээд  хэн нэгний нэрний ард зүүгдчихсэн сурталчилгаа болоод явж байх биз. Яг үнэндээ өвөлд даарч, зунд халж яваа малчин өвгөнд наалдах ажил нутаг нутгийн зөвлөлүүд лав хийгээд хаа холдсон юм. Түй чоорт.

No comments:

Post a Comment