Pages

Friday, February 18, 2011

Морин хуурын домог - Сүхийн цагаан унага

Анх японд ирэхэд танилцсан нэгэн хуурай ах минь байдаг. Сэтгүүлч мэргэжилтэй болохоороо их уншдаг, Шиба Рёотарогийн бүтээлүүд тэр дундаа Монголын талаар бичсэн судалгааны бүтээлүүдийг нь уншдаг, аав нь тал нутагт очиж морь унах мөрөөдөлтэй байсан зэрэг Монголыг их сонирхогч энэхүү хүнтэй санаандгүй  таарч танилцсандаа
 олзуурхаж явдгийм. Тэр хүн анх танилцаад шууд л "Сүүхо, Сүүхо, Цагаан унага, Морин хуур" гэж хэлж байсан нь сэтгэлд үлдэж, сонирхон явсаар олж уншиж билээ. Яагаад тэр япон хүн монгол морины домгийг мэдээд байж вэ гэсэн, бага сургуулийн сурах бичигт орсон зохиол юм билээ. Уншаад үзвэл Хөхөө Намжилын үлгэртэй төстэй энэхүү үлгэр нь Шилийн голоор (одоогийн ӨМӨЗО-ны нэгэн аймаг, хойд талаараа Монгол улсын Дорнод аймагтай хиллэнэ) нутаглах нүүдэлчин Монгол түмний хүүрнэж ирсэн үлгэр юм билээ л. Алдсан нь оносноосоо их тул Монголчлон буулгах аймшиггүй зориг гаргасан намайг өршөөж засч залруулахыг хичээнгүйлэн хүсье.

Сүхийн цагаан унага

Хятадын хойд биед Монголын энгүй их тал үргэлжилж, тэнд амьдран суугч ард түмэн эртнээс нааш хонь, үхэр, адуу маллан иржээ. Тэрхүү монгол нутагт морин толгой хуур* хэмээх хөгжим байдаг юм. Дээд бие нь морины толгойн хэлбэртэй тул ийнхүү нэрийджээ. Тэгвэл энэ хөгжим яаж бий болсон юм болоо? Энэ талаар ийм нэгэн домог бий.

Эртээ урьд цагт , Монголын тал хээр нутагт Сүх гэгч ядуу хоньчин хүү насан өндөр эмээтэйгээ хоёулхнаа амьдран байжээ. Сүх том хүнээс дутуугүй ажилсаг тусч нэгэн. Өглөө болгон эрт босч, эмээдээ унд бэлдэхэд нь тусална. Тэгээд хориодхон хонио туусаар өргөн их тал руу бэлчээрлүүлэхээр гардаг байлаа. Сүх бас их сайхан дуулдаг тул бусад хоньчид их л гуйж дуулуулдаг байлаа. Түүний цээл сайхан дуу хоолой тал нутгаар цуурайтан, холын холд тархдаг байлаа.

Нэгэн өдөр, нар уулын цаагуур шингэж, эргэн тойрон харанхуй болчихоод байхад Сүх харьж ирэхгүй л байв. Өндөр наст эмээ нь санаа зовж, ойр саахалт айлынхан нь чих тавин сууж ажухуй. Бүгдийн санаа зовж тэсгэл алдрахын цагт Сүх, юу ч юм нэгэн цагаан зүйл тэвэрсээр гүйж ирэв ээ. Бүгд түүнийг бүчээд автал түүний тэвэрт дөнгөж төрсөн цагаан унага байлаа.  Харьж ирэх замд хөсөр хэвтэх унага оллоо. Эргэн тойрныг нь ажтал эзэн ч эх нь ч байхгүй, орхичихвол шөнө чонын хоол болчих байх гээд дагуулаад ирлээхэмээн хэвлүүүхэн инээсээр ярилаа.

Өдөр хоног ээлжилсээр, Сүх сэтгэл зүрхнээсээ арчилж тордсоны хүчинд цагаан унага цасан цагаан биетэй, хэний ч нүдийг булаам эрмэг хүлэг болон өсчээ. Сүх ч энэхүү мориндоо юунаас ч илүү хайртай байв.  Нэгэн шөнө, унтаж байсан Сүхийг морины тургих, хоньд майлалдах чимээ сэрээлээ. Сүх үсэрч босоод гэрээс гарч хоттой хонь руугаа яарвал, нэгэн том чоно хонь руу дайран алдаж байлаа. Харин цагаан морь нь чонын урдуур хөндөлсөн хонин сүргээ хамгаалан байв. Сүх чоныг хөөж явуулан, морин дээрээ очиход чонотой тулалдсаны илрэл бүх л бие нь усан хулгана болтлоо хөлсөндөө норсон байлаа. Сүх мориныхоо хөлсийг арчин дүүдээ хэлэх мэт Их сайн мань хүлэг минь. Үнэхээр их баярлалаа.гэжээ.

Цаг нар нисэх мэт л өнгөрнө. Нэгэн хавар хээр талаар тэр нутгийн засаг ноён морины уралдаан зарласан тухай зар цуурайтав аа. Хэрэв уралдаанд түрүүлбэл ноёны гүнжтэй гэрлүүлэх болзол тавьжээ. Энэ тухай сонсоод Сүхийн найзууд  Заавал цагаан морио унаад уралдаад үз хэмээн ятгана. Тийнхүү Сүх голын хайрт цагаан морио унаад өргөн их талыг туулан уралдаанд оролцохоор мордовой. Наадмын газар наадамчин олон дүүрэн. Асрын доор ноёнтон суудалдаа тухлан байна. Уралдаан ч эхэллээ, орон даяархаас цугласан залуус нэгэн зэрэг ташуураа ч буулгалаа. Морьд нисэх мэт давхиж, морьдын тэргүүнд цагаан морь хурдална, Сүхийн цагаан морь. Цагаан морь түрүүллээ. Эзнийг нь дагуулаад ир.гэж ноён хашгирлаа. Гэвч дагуулж ирсэн залуу нь ядуу малчин атал, өөрийн охинтой гэрлүүлж, хүргэнээ хийнэ гэсэн амлалтаа мартсан мэт өгүүлрүүн:
Чамд гурван мөнгөн зоос өгье, морио энд орхиод харьж үзСүх хүү дүрсхийн
Би уралдаанд оролцох гэж ирснээс биш морио зарах гэж ирээгүй.
Юу гэлээ гэнээ. Нэг муу хоньчин байж миний өөдөөс цор цор хийлээ гэнээ. Алив энийг бариад ав. хэмээн ноёнтныг хэлмэгц зарц нар нь ухасхийлдэв. Сүх олон хүнд цохиулан унаж, ноён цагаан морийг хөтлөн баяр хөөртэй харилаа. Сүх анд нөхдийн тусламжаар гэртээ харижээ.

Сүхийн шарх болсон биеийг эмээ нь асран сувилсны ачинд хэдэн өдөрт тэнхэрлээ. Шарх нь эдгэсэн ч, цагаан морио алдсан гуниг харамсал нь эдгэсэнгүй ээ. Цагаан морь минь яаж байгаа бол гэж л бодсоор байлаа.

Гайхамшигт морийг гартаа оруулж авсан ноёнтоны сэтгэл хангалуун байлаа. Цагаан морийг бусдад гайхуулах гэхээс тэсэхээ байж нэгэн өдөр их найр зарлаж олон зочдыг цуглуулав. Ид найрын дундуур ноён цагаан морио унаж олонд үзүүлэх болж зарц нар морийг хөтлөн ирэв. Ноёнтон моринд мордох агшинд цагаан морь булгин бусгаж, ноён газар харуулдан уналаа. Цагаан морь ноёны гараас цулбуураа алдуулан, шуугилдах олны олны дундаас салхи мэт цойлон гарлаа.  Ноён газраас өндөсхийн чангаар хашгирлаа: Хурдхан бариад ав! Барьж чадахгүй бол харваад ал!” Зарц нар нумаа эвшээлгэн нэгэн зэрэг сум тавилаа. Сум исгэрэн нисч цагаан морины нуруунд туссан ч давхисаар л байлаа.
Тэрхүү орой нь Сүх унтахаар завдаж байтал гэнэт гадаа чимээ гарлаа. Хэн бэ?гэсэн ч хариу үгүй таг таг хийн морины туурайн чимээ гарлаа. Байдлыг ажихаар гарсан эмээ нь Цагаан морь, манай цагаан морь байна хэмээн хашгирлаа. Сүх ухасхийн гарч ирээд ажваас үнэхээр цагаан морь ирээд зогсож байсан ч биед нь хэд хэдэн сум зоолттой, хөлс нь бөн бөн дусалж байв. Залуу морь хүнд шарх олсон ч давхин давхисаар голын хайрт Сүх дээрээ хүрч ирсэн нь тэр байлаа. Сүх шүд зуун гунигаа тэшчиж морины бие дэх сумыг сугалахад шархнаас нь цус гарч байлаа. Цагаан морь минь, миний цагаан морь битгий үхээч дээГэвч морь улам сульдан, амьсгаа нь суларсаар нүдний нь гал бөхөж байв. Маргааш нь цагаан морь үхчихвээ.

Гуниг зовлонгоосоо болж Сүх олон хоног унтсангүй. Нэгэн орой арайхийж зүүрмэглэх зүүдэндээ Сүх цагаан морио үзлээ. Морио зөөлөн илбэхэд ингэж битгий гунигла даа. Тэрнээс миний арьс үс, яс шөрмөсөөр хөгжим урлаарай. Тэгвэл би үргэлж чиний хажууд тайвшруулаад байх болно.гэж хэллээ. Сүх зүүднээсээ сэрмэгц цагаан морины заасан ёсоор арьс үс, яс шөрмөсөөр хөгжим урлаж эхэллээ. 

Сүх хөгжмөө урлаж дууслаа. Тэр нь Морин хуур болой. Сүх хааш одсон ч морин хуураа авч явна. Хуураа татахад л Сүх цагаан мориндоо мордоод тал нутгаар давхиулах баяр баяслыг дурсаж, өөрийнхөө хажууд цагаан морь байгаа мэтээр сэтгэж байлаа. Тэр цагт хуурын аялгуу уянгалан цангинаж, сонсож буй хүний зүрх сэтгэлийг хөндөх ажээ.

Ийнхүү Сүхийн бүтээсэн морин хуур Монголын их өргөн талаар дэлгэрэн тархжээ. Малчид үдшийн бүрийд цуглаж, хуурын тансаг аялгуунд уярч, нэгэн өдрийн алжаалаа тайлах ажгуу.

* 馬頭琴 - морин толгой хуур хэмээн толь бичигт катаканагаар бичсэнийг тэр чигээр нь буулгав.



2 comments:

  1. Их саихан орчуулжээ. Нуулгүй хэлэхэд манаи Хөхөө Намжилаас илүү гою зохиол юмаа.

    ReplyDelete
  2. Ийм зохиол байсан юм бий. Анх удаа л уншлаа. Баярлалаа.
    Японд байхдаа олон хүний амнаас сүхийн цагаан морь гэж сонсож байсанаас уншиж байсангүй. thank you

    ReplyDelete