Pages

Sunday, February 20, 2011

Морин хуурын домог - Хөхөө Намжил

Эрт урьдын цагт монголын зүүн хязгаарт “хөхөө Намжил” гэж нэгэн сайн эр байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа их алдаршсан байв. Гэтэл хөхөө Намжил цэргийн албанд татагдан монголын баруун хязгаарт очжээ. Түүний сайхан дуулдагийг захирагч нь даруй мэдээд хөхөө Намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд 3 жил шахам дуу
дуулуулсаар байжээ. Цэргийн  алба хааж байхдаа тэр нутгийн нэгэн сайхан гүнжтэй/хааны охин/ танилцаж гэнэ. Хөхөө намжил цэргээс халагдаж орон нутагтаа буцах болсонд амраг хайртай гүнж нь жонон хар морио бэлгэнд дурсгал болгон өгсөн юмсанжээ. Тэр жонон хар морь нь бол
Бутны үндэс булгартал
Бул чулууг бутартал     
Дэлхий чулууг дэлбэртэл
Дээлийн хаваасийг ханзартал  
Хаданд халтирдаггүй
Бутанд бүдэрдэггүй
Жигүүртэн шувуунаас дутуугүй      
Жирийн морьтой зүйрлэшгүй
Адууны дотор ганцаараа содон           
Аргамагийн шинж төгс бүрдсэн             
Аюултай  цагт нисэн дүүлж                   
Амгалан цагт алхаа гишгээгээр явдаг  
Ивээлт эзэн нь унахад    
Эзнийхээ төлөө зүтгэдэг    
Эр хүний хань болсон    
Ийм сайн морь байжээ.

Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхож түүнээс өөр морь унахгүйд нь бас гайхдаг байжээ.

Гэтэл хөхөө Намжил жонон хар мориороо үдэш нь монголын баруун хязгаарт нисэн очиж нөгөө гүнжтэйгээ уулзаад өглөө болоход зүүн хязгаарт ирж адуугаа туусаар ирдэг байжээ. 

Ингэсээр 3 жил болсон боловч түүний учрыг хүмүүс ер мэддэггүй байжээ. Хөхөө Намжилтай ойролцоо нэгэн баян айл байв. Тэр баяныд эгэл олныг үймүүлдэг эвтэн хоёрыг бусниулдаг тийм сүрхий ховч хүүхэн байжээ. Тэр ховч хүүхэн жонон хар морины эгэл бишийг эртнээс мэдэх болсон учир хөхөө Намжилд хор хөнөөл хүргэх гэж санаархдаг болов. Хөхөө Намжил үдэш явж амраг хайрт гүнжтэйгээ уулзаад тэр шөнө буцах замдаа адуугаа туусаар ирж мориныхоо хөлсийг намдаагаад үүр цайхад морио тавья хэмээн гэртээ орж амран сууж гэнэ.

Гэтэл нөгөө баяны хүүхэн морины төвөргөөн сонсож хөхөө Намжилын ирэхийг мэдээд уяан дээр сэм очвол сайхан жонон хар морь санаа муутан ирснийг танилгүй сайн эзнээ хэмээн баясаж хэнхдэг цээжээ хөндөлсүүлээд хөлстэй биеэ шилгээн газар цавчлан байж хоёр суганаасаа ид шидийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлж байхыг нь үзээд нөгөө ховч хүүхэн гүйн харьж үйлийнхээ хайчийг ханцуйлж ирээд жонон хар морины жигүүрийг тас хайчлаад хаяжээ. Сайхан жонон хар морь нь шидэт жигүүрээ хайчлуулснаас болж удалгүй үхэж гэнэ. Үүр цайхаар морио тавих гэж очсон чинь үнэнч нөхөр болсон сайн морь нь уяан дээрээ үхсэнийг хараад хөхөө Намжил дотор нь балартаж гашуудал харамслын гүнд оржээ.

Хөхөө Намжил нэгэн өдөр сайхан жонон хар мориныхоо толгойг дуурайлган модоор урлаж бүтээсэн толгойдоо урт иш бэхлэн үзүүр талд нь цар хийж хүлэг сайхан мориныхоо ширнээс хөндий цараа ширлэж мяндсан сайхан сүүлнээс нь авч хөвүүлж уртааш нь татаж модны давирхай түрхэж дуу гаргаад жонон хар мориныхоо янцгаах дуу алхаа гишгээ арилжаа хатирааг тэр хөгжимдөө оруулдаг болж гэнэ. Түүнээс эхлэн морин толгойтой хуур монголд үүсч гарсан домогтой.

хэмээснийг Ерөнхий Боловсролын Сургуулийн 8-9ангид үзэх Уран зохиолын номноос өөрийн дүүгээр бичүүлэн  авч энд нийтлэв. Сүхийн цагаан унагатай л адил дууч авьяаст залуу, ноёд баядын хар гайгаар хонгор хайрт хүлгээсээ хагацаж, арьс үсээр нь хөгжим урлаж дээ.

2 comments:

  1. Dagiiranz guain xuurdaj xelsneer sonsoxiig ix xusex yumaa yaj olj sonsox ve

    ReplyDelete
  2. Тэр талаар хайж үзсэн боловч олж чадсангүй, уучлаарай.

    ReplyDelete