Pages

Monday, February 14, 2011

Будхрислам шашинтан бид

Та ямар шашинтай вэ гээд захын чавганцаас асуу. Алга хавсран залбирч, "Ямар билиггүй юм асуудаг монди вэ, Ум мани бадми хум" гэсэн хариу авах вий. Тэдний хувьд соц нийгмийн үед насаар нь эрх чөлөөг нь боож нүдэн дээр нь Хувилгаан гэх шидтэнүүдийг нь буудан булшилж байсан ч итгэл үнэмшилээ
 алдаагүй ирсэн нь их юм. Харин 1990-ээд оноос шинэчлэлийн салхи
салхилж хаалттай байсан нийгэмд хэрэгтэй хэрэггүй хог шаар ихийг хийсгэн ирсэн. Шашингүйн үзлээр хүмүүжсэн гэж өөрсдийгөө тодотгох нэгэн хэсэг байхад, галзуурсан Бумбад мэт хувилгаан хутагт, удган самган, бөө мэргэдүүд борооны дараах мөөг шиг олшрон гарч ирлээ. Хувийн компани мэт тийм ч дацан, ийм ч хийд гээд цэвэр ашгийн төлөөх байгуулагууд бий боллоо. Энэ бүхний ард юу байгаав гэхээр цагаанаар эргэх нүдээ баясгах хялбар аргаар олдсон мөнгө. Бурхны номын сургаалд архи дарс, эмс хүүхэн, эд мөнгө гээд алив ертөнцийг бүхнийг огоорч номын мөр хөөх ёстой хүмүүс нь санваартнууд. Гэтэл том том жийп унаж, торгонд ороогдсон авгайгаа суулгаад, айл хэсч архидаж яваа асман лам нарыг алийг тэр гэх вэ. Номтой эрдэмтэй лам нар байгаа л биз, харин 21-р зуунд хаа холын Төвд хэлээр гүн ухааны сэдэвт зохиол цээжилж хир даг, тос тоос болсон харанхуй хийд дотор зөгий мэт дүнгэнэн суух тэднийг би лав ойлгоход ухааны минь цар дутаж байна.
Зарим хүн Бурханы (Буддын) шашныг хятадууд Монголд дэлгэрүүлж, тиймээсээ ч бид манжид эзлэгдсэн мэт ойлгодог, ярьдаг. Тэгвэл тэр хятад манж хоёр чинь тэс ондоо улс, манж нар хятадыг эзэлж Чин (Манж ДайЧин) гүрнийг байгуулсан ч хятаддаа уусч 20-р зууны эхээр цэвэр манж цустан нь үгүй болсны уршгаар мөхсөн. Монгол улс тэр үедээ хятад бодлогод уусч алга болохгүйн тулд л холын Төвдөөс бурхны шашныг гуравдахиа залж дэлгэрүүлсэн. Анхных нь Хүннүгийн үед гэгддэг бол, удаах нь Их монгол улсыг байгуулсны дараа. Тэгэхээр бурхны шашныг үгүйсгээд, түүнээсээ ч болж би бөө  нарыг шүтдэг, бөөгийн шашинтай гээд хуцаад байдаг хүмүүс амаа татаасай билээ. Үнэндээ тэд бөөгийн мөргөл гэдгийнхээ учрыг ч мэдэлгүй, Анти-Будда болохыг эрмэлзэгсэд. Гэлээ гээд бурхны шашин шүтэж Гандан орж мөргөөд бай гэж байгаа ч юм биш. Цаад үнэн мөнийг нь ухаж ойлгоод, ядаж багахан ч гэсэн өөрийн бодол сууж байж шашин шүтдэг эсэхээ ярьдаг баймаар. Жилдээ нэг эмээгээ дагаж Гандан ордог, гэрт ирж сан тавин даллага дуудах тарган ламыг даган баяссанаараа шашин шүтдэг гэж бүү ойлго.
Сүүлийн үед монголд Христийн сүм олширч байгаа. Ядуу зүдүү, хоол ундгүйгээсээ болж орж гарч, хоол унд идэх, хүүхэд шуухад бөөгнөрсөнөөс нь болж тийш татагддаг биз. Библи судар, Шинэ гэрээ зэргийг нь уншаад ойлгоод, үзэл бодлоо төлөвшүүлээд явдаг бол шүт хамаа алга. Харин бор ходоодныхоо төлөө битгий оюун бодлоо худалдаасай гэж бас хүсэх юм.
Офицерийн ордноос уруудаад явахад том дугуй байшин байдаг. Баригдаж дууссан үгүйг нь мэдэхгүй юм, барилгын ажил явагдаж байх үед нь "Лалын сүм болно гэсэн, барилга дотор нь хүн үхсэн гэнэ лээ" гээд л их л муу амтай байсан. Яадийм бээ барьж л байг, монголд цөөнх ч гэсэн Аллах шүтлэгт улс бий шүү дээ. Харин ч Казахууд шашиндаа үнэнч, бидэн шиг л сохроор дагаж салбаганаж яваа улс биш. Нэгэн турк хүн "монгол хэлэнд лал гэж муу утгатай үг юм бишүү, ислам гэж яагаад хэлдэггүй юм бэ" гэж байсан. Өөрт нь л*л*р гэх хараалын үгтэй адилхан сонсогдоод байсан болохоор тэгсэн биз, тэрнээс хойш ислам гэж үгийг байнга хэрэглэх болсон доо.
Ингээд бодоод байхаар монгол хүн ямар шашинтай болж таарах нь вэ? Өвдөж зовсон үедээ бариач засалч, үздэг хардаг гээд гүйх, хуримаараа цагаан даашинз өмсөж, хагас христ хагас монгол ёслол үйлдэх, үхэхдээ алтан хайрцаг сав, хойдын буян, цаашлаад чандарлаж бунханд хийлгээд хагас төвд, хагас зүүн азийн ёслол хийнэ.
Монгол хүн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй. Энд бичсэн зүйлээрээ шашин битгий шүт гэж хэлэх гэсэнгүй, шүт ч гэхгүй. Гэхдээ шүтдэг юм бол цаад мөн чанарыг нь ойлгооч, зүгээр нэг аялдан дагалдаж, тархи бодол цаг заваа битгий үрээчээ л хэмээх гэсэн мөхөс санааг минь ойлгох буйзаа.

1 comment:

  1. Unen shuu, zasal hiij bna geel alna talna ch geed bgaanmuu yu geed bgaa ni mededehgui yum unshaad l bna unshaad l bna. Mongolchuudiin 80 huvi ni buddiin shashintai gedeg l yum bnaleeshd. Hen negenees ni Budda yu zaaadgiiin gej asuuval hariulj chadah hun bol bhgui bh gej bodoj bna. Gesnees ta uuruu yamar shashintai hun be?

    ReplyDelete